Олон улсын команд штабын сургууль явагдлаа

     Монгол Улсын Зэвсэгт хүчний жанжин штабаас Номхон далай дахь  АНУ-ын цэргийн командлалтай хамтран зохион байгуулж буй “MPAT-TE-20” олон улсын команд штабын сургууль  энэ сарын 18-26-ны өдрүүдэд үргэлжилж байна.

    “MPAT-TE-20” олон улсын команд штабын сургуульд Монгол Улсын Засгийн газар, агентлагууд, Зэвсэгт хүчин болон үндэсний аюулгүй байдлын хангах чиг үүрэг бүхий байгуулагуудын нийт 200 гаруй хүн хамрагдаж Онцгой байдлын ерөнхий газрын удирдлага, төлөөлөл оролцлоо.

     Монгол Улсын Зэвсэгт хүчин гадаадын улс орнуудтай хоёр талын болон олон улсын сургалт, дадлагуудыг хамтран зохион байгуулж байгаа нь Монгол Улсын аюулгүй байдал, үндэсний язгуур ашиг сонирхлыг улс төр-дипломатын аргаар хангах, гадаад бодлогод нийцсэн бодит арга хэмжээ төдийгүй Монгол Улсын нэр хүндийг олон улсын тавцанд өсгөх, өөрийн байр суурийг бэхжүүлэх чухал ач холбогдолтой сургалтын нэг хэлбэр болж  байна.

     Тус команд штабын сургууль нь Монгол улсад 2003, 2006, 2007 онуудад зохион байгуулагдсан.

     “MPAT-TE-20” олон улсын команд штабын сургуулийн зорилго нь үндэсний хэмжээнд тохиолдсон гамшгийн үед Засгийн газрын хариу арга хэмжээ авах чадварыг дээшлүүлэх, олон улсын тусламж, дэмжлэгийг нэгтгэх, энхийг дэмжих ажиллагаанд оролцуулах чадавхийг нэмэгдүүлэх, “Олон үндэстний хүчний харилцан ажиллагааны журам”-ыг олон үндэстний түвшинд туршиж үзэхэд оршиж байна.

     Команд штабын сургуульд Австрали, АНУ, Бангладеш, Камбожийн Вант Улс, БНЭУ, Индонез, Малайз, Малдив, Непал, Папуа шинэ Гвиней, Филиппин, Шри Ланка, Тайланд, Тонга, Тувалу, Вануату, Вьетнам, Япон зэрэг 18 улсаас 40 гаруй төлөөлөгчид оролцож байна.

Saturday the 16th - ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ СУРГАЛТЫН НЭГДСЭН ТӨВ. Joomla 3 Templates