“Нүүдэлчин заан” сургалт дадлага явагдаж байна.

     Монгол, Энэтхэгийн Зэвсэгт хүчний хамтарсан “Нүүдэлчин заан” сургалт, дадлага нээлтээ хийлээ. Таван толгой дахь сургалтын нэгдсэн төвд болох энэхүү хээрийн сургалт, дадлагын үеэр хоёр улсын тусгай томилогоот цэргийн албан хаагчид энхийг сахиулах, терроризмтой тэмцэх чиглэлээр харилцан туршлага солилцож, мэдлэг чадвараа ахиулдаг уламжлал тогтоод байгаа билээ.

     Гурав дахь удаагаа байгуулагдаж байгаа “Нүүдэлчин заан” сургалт, дадлага нь жил бүр Монгол, Энэтхэг улсуудын газар нутаг дээр ээлжлэн зохион байгуулагддаг юм. Энэ жилийн сургалт дадлагад тусгай рот, Энэтхэгийн талаас салааны бүрэлдэхүүн оролцож байна. Энэхүү хээрийн сургууль нь тусгай үүрэг гүйцэтгэдэг бие бүрэлдэхүүнийг хамруулдагаараа онцлогтой юм.

     Өнө эртний сайн харилцаатай, “Оюун санааны хөрш” гэгддэг манай хоёр  улсын Зэвсэгт хүчний хоорондын хамтын ажиллагаа сүүлийн жилүүдэд эрс өргөжин хөгжиж байгаа билээ. Тухайлбал Монгол улсын цэргийн албан хаагчид Энэтхэгт олноор суралцахын зэрэгцээ тус улсаас багш, мэргэжилтнүүдийг урьж ажиллуулж байна.

     Зэвсэгт хүчний хамтарсан сургалт, дадлагыг Ази тивийн нөлөө бүхий томоохон гүрэн болох БНЭУ-тай хамтран уламжлал болгон явуулснаар хоёр орны хооронд цэргийн итгэлцлийг бэхжүүлэх, харилцан туршлага солилцох, бүс нутгийн аюулгүй байдлыг бататгахад чухал ач холбогдолтой гэж үздэг.

     “Нүүдэлчин заан” хоёр улсын хамтарсан хээрийн сургууль 14 хоног үргэлжилнэ.

Saturday the 16th - ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ СУРГАЛТЫН НЭГДСЭН ТӨВ. Joomla 3 Templates