НҮБ Афганистан дахь хүчнийхээ үүрэг гүйцэтгэх хугацааг сунгалаа

НҮБ. /ИТАР-ТАСС/. 2001 оноос хойш НАТО-гийн удирдлаган дор талибуудтай тулалдаж байгаа Афганистаны аюулгүй байдлыг дэмжин сахиулах олон улсын хүчний бүрэн эрхийг 2013 оны аравдугаар сарын 13 хүртэл нэг жилээр сунгахаар НҮБ-ын Аюулгүйн Зөвлөл шийдвэрлэжээ. 

Зохих тогтоолыг өнөөдөр санал нэгтэй баталсныг НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн даргын албан ёсны төлөөлөгч Мартин Несирке сэтгүүлчдэд мэдээлсэн байна.


Баримт бичигт 2014 онд багтаан үндэсний цэргийн хүчинд улс орныхоо аюулгүй байдлыг сахин хамгаалах үүргийг бүрмөсөн шилжүүлэн өгөхөөр НАТО төлөвлөсөн болон энэ хугацаанаас хойш талууд хамтын ажиллагаагаа хөгжүүлэх, тухайлбал, Афганистаны армид цэрэг бэлтгэхэд бэлэн буйгаа тус эвсэл илэрхийлсэнд баяр хүргэжээ. Үүний сацуу "Талибан" хөдөлгөөн, "Аль-Каида" болон бусад хэт давруу үзэлт, хууль бус зэвсэгт бүлэглэлүүдийн террорист ажиллагаа хор уршиг тарьж байгаа нь түгшүүр төрүүлж байгааг тогтоолд дурдсан байна.
    
Афганистаны аюулгүй байдлыг дэмжин сахиулах олон улсын хүчнийг НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн 1386 дугаар тогтоолын дагуу 2001 оны 12 дугаар сарын 20-нд байгуулсан юм. НАТО-гийн гишүүн болон эвслийн түншүүд нийлсэн 50 улсын 113 мянган цэрэг одоо тус улсад байрлаж байна. 2012 оны есдүгээр сарын байдлаар тус хүчний бие бүрэлдэхүүний дийлэнх нь буюу 74 мянга гаруй нь АНУ-ын, 9500 нь Их Британийн цэргүүд ажээ.
    
НҮБ-ын мэдээлснээр, 2001 оноос хойш Афганистанд гадаадын 3000 орчим цэрэг амь үрэгдсэний 2000 орчим нь америкчууд байна.

Saturday the 16th - ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ СУРГАЛТЫН НЭГДСЭН ТӨВ. Joomla 3 Templates